Эрхэм хүндэт та бүхэндээ өмнийн говийн ажилч хичээнгүй, бүтээлч, тэнгэрлэг заяат ард иргэдийнхээ өмнөөс эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөн, мэндчилж байна.
НӨЁБ-ын 5 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүрэн эрхийн хугацаанд уул уурхайн болон бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан аймгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг иргэдийн идэвхтэй оролцоонд түшиглэн нөөц боломжоо дайчлан шийдвэрлэж, төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хамтын оролцоотойгоор орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах гэсэн үзэл баримтлал, эрхэм зорилго тавин ажиллаж байна.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, гүйцэтгэх засаглалын байгууллага маань олон нийтийн хүсэл зорилго, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, тэдний нийгмийн амьдрал, орон нутгийн хөгжлийн ойрын ба хэтийн төлөв, дэд бүтэц, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хот байгуулалт, байгаль орчныг хамгаалах, сахилга дэг журмыг бэхжүүлэх, ард түмний аятай тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хувь хүний хөгжлийг хангахын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн хэрэгжүүлж байна.
Аймаг орон нутгийн төдийгүй, Монгол улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох болсон уул уурхай, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, дэд бүтэц, эрчим хүч, техник технологийн суурь боломж өргөжин тэлж, буянт мал сүрэг, хөрсөн доорх эрдэс баялаг болон ажилсаг, бүтээлч хүн ардынхаа давуу талыг илүүтэй ашиглан аймгаа бүс нутагтаа хөгжлийн хувьд “жишиг аймаг” болгох эрмэлзлэл дүүрэн байна.
80 жилийн цадиг түүх оршсон Өмнөговь аймгийнхаа нийт иргэд болон манай аймагтай амьдрал ажил үйлсээрээ холбогдсон олон түмэндээ энэхүү цахим хуудсаар дамжуулан чин сэтгэлийн хүндэтгэл өргөе.
Дэлхий нийтийг өртөөлөн холбож буй цахим ертөнцөөс манай аймгийн талаар мэдээлэлтэй танилцаад үзэсгэлэнт сайхан байгаль, хүн зоны амьдрал, бүтээн байгуулалт хөгжлийг биеэр үзэх сэтгэл төрнө гэдэгт найдаж байна.
Та бүхэн манай аймгийн вэб сайтад тухлан саатаж, манай говиор айлчлаарай.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Л.БАТЧУЛУУН